КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН СҮНЧОНХЯН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

“Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Сүнчонхян их сургууль (Soonchunhyang University)-тай кибер аюулгүй байдлын чиглэлээр судалгаа, шинжилгээ, сургалт, мэргэжлийн мэдлэг, туршлага солилцох зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Сүнчонхян их сургуулийн Мэдээллийн аюулгүй байдлын тэнхим нь 2001 онд байгуулагдсан, БНСУ-д энэ чиглэлийн бакалаврын сургалтыг анхлан хэрэгжүүлсэн тэнхим юм. Тус тэнхим нь кибер аюулгүй байдлын мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ сүлжээ, системийн хамгаалалт, криптограф, эмзэг байдлын шинжилгээ, хортой программын шинжилгээ, үйлдвэрлэлийн удирдлагын системийн аюулгүй байдал зэрэг чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг.


Үндэсний кибер аюулгүй байдлын индексийн (NCSI) 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн үнэлгээгээр Монгол Улс 69.17 оноо авч, дэлхийн 170 гаруй улсаас 62 дугаар байрт эрэмбэлэгдсэн боловч кибер аюулгүй байдлын судалгаа, хөгжүүлэлтийн (R&D) үзүүлэлт 0 хувьтай үнэлэгдсэн билээ. Энэ хүрээнд тус Нийтийн төв нь судалгаа, шинжилгээний чадавхаа бэхжүүлэх, олон улсын мэргэжилтнүүдтэй туршлага солилцох зорилгоор Сүнчонхян их сургуультай хамтран ажиллахаар боллоо.


Санамж бичгийн хүрээнд талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, судалгааны орчин, тоног төхөөрөмжийн хэрэгцээ, ашиглалтын боломжийг тодорхойлохын зэрэгцээ сургалт зохион байгуулах, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, мэдлэг, туршлага солилцох зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх юм.


Энэхүү хамтын ажиллагаа нь Нийтийн төвийн судалгаа, шинжилгээний чадавхыг хөгжүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашлаад Монгол Улсын кибер аюулгүй байдлын судалгаа, хөгжүүлэлтийн үндэсний чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Тус хамтын ажиллагааг эхлүүлэхэд Сүнчонхян их сургуулийн Технологийн судалгаа, бизнес хөгжлийн төв (M.AX Center for R&BD)-ийн захирал, доктор, профессор Им Кангбин санаачилга гарган, идэвхтэй дэмжлэг үзүүлсэн юм.


순천향대학교