КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН СҮНЧОНХЯН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

"Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв" УТҮГ БНСУ-ын Сүнчонхян их сургууль (Soonchunhyang University)-тай кибер аюулгүй байдлын судалгаа, шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Сүнчонхян их сургууль нь мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн бэлтгэж, кибер хамгаалалтын технологийн чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг. Тус сургуулийн Мэдээллийн аюулгүй байдлын тэнхим сүлжээ, үйлдлийн системийн хамгаалалт, криптограф, хортой программын шинжилгээ, удирдлагын системийн аюулгүй байдлыг сургалт, судалгаандаа хамруулдаг.

Үндэсний кибер аюулгүй байдлын индексийн (NCSI) үнэлгээгээр Монгол Улс 69.17 оноогоор 62 дугаар байрт эрэмбэлэгдсэн бөгөөд судалгаа, хөгжүүлэлтийн (R&D) үзүүлэлт 0 оноогоор үнэлэгдсэн. Уг үнэлгээнд үндэслэн Нийтийн төв судалгаа, шинжилгээний чадавхаа бэхжүүлэх зорилгоор тус их сургуулийн сургалт, судалгааны туршлагад тулгуурлан хамтран ажиллахаар боллоо.

Санамж бичгийн хүрээнд талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, судалгаанд ашиглах тоног төхөөрөмжийн төрөл, зориулалт, ашиглах боломжийг судлах, мэргэжлийн мэдлэг, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллана.